Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ЖИЛ БҮРИЙН 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДӨР “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”

2016-09-12

Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амсаж, амь насаа  алдаж байсан гашуун дурсамж Монголын түүхнээ хар мөр болон үлдсэн юм. Тэртээх 1920-оноос эхлэлтэй хэмээн үздэг улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөг хүртэл 37000 гаруй хүнийг баривчилан шийтгэгдсэнээс 27720 хүн нь буудуулж амь насаа алджээ.

Энэ хэрэгт Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байна. Дээрх гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн аж. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олон зууны турш бүтээгдэн хадгалагдсан, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг олон мянган үнэт зүйл үгүй болсон юм. Лам нар л гэхэд 17 мянга гаруй хэлмэгдсэний 14 мянга нь цаазлагдсан байна

Хэлмэгдүүлэлтийн оргил үе хэмээгддэг 1932-1940 онд 28451 хүн баригдаж шийтгүүлснээс 20822 буюу 73 хувь нь буудуулж амиа алджээ. Бүр тодруулбал 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулжээ. 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алдсан байна.

Ард түмнээ хоморголон хороож байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг 1920 оноос өнөөг хүртэл нийт гурван үед хуваан үздэг байна. Үүнд:

Нэгдүгээр үе шат буюу 1920-1944 он. Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас унагаж, Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж, 1928-1932 онд Монголын эдийн засгийн гол баялаг мал зургаан саяар хорогджээ. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг Буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаандаа бэлтгэжээ.

Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж, 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байжээ.

Хоёрдугаар үе шат буюу 1940-1955 он. Тусгай комисс байгуулагдаж улс төрийн хоёрдугаар үе шат эхэллээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цус яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байжээ. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсэн байна.

Гуравдугаар үе шат буюу 1956-1990 он. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэжээ.

1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулсан юм.

Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараагийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төрийг нь гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах зэрэг хэлбэр лүү шилжсэн юм. http://www.news.mn/ П.Энхжаргал

 

 

Цагаатгах ажил

      Одоогоос 26 жилийн өмнө тэр үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын 1990 оны 12 дугаар сарын 25-ны 56 угаар зарлигаар Монгол Улсын түүхэнд хар толбо болж үлдсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, мөрдөн ажиллах дүрэм журмыг нь баталснаар Улсын комисс 1991 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.

Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. http://www.zuvsongolt.mn/page/newsmore/

Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгаж дуусгахаас гадна иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь элдвээр хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг дахин давтаж гаргахгүй байх орчин бүрдүүлэх нь нэн чухал юм. 

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. 

Энэ жил  “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг 21 дэх удаагаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%