Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-27

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх”-ийг тодорхой зааж өгснөөр орон нутагт төрийн эрх барьж байсан Ардын Депутатын Хурал нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд нийцсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон шинэчлэгдсэн.

Нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцооны 30 жилд Улиастай сумын иргэдийн эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн хуралд 223 төлөөлөгч сонгогдон, хүн амын нийгэм, эдийн засаг, нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэрийг гарган, Төрийн албаны тасралтгүй залгамж чанарыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Улиастай сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ололт юм.

Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн хөгжсөний 30 жилийн ойг Улиастай сумд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын даргын 2022 оны 10 сарын 20-ны 17 дугаар захирамжаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах” ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг ханган уг арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-аас дараах ажил арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

  1. Зургийн цомог: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1992-2022 он хүртэлх 8 удаагийн сонгуулиар сонгогдсон үе үеийн төлөөлөгчидтэй холбоо тогтоож, төлөөлөгчдийн гэрэл зургийн цомог хийх ажлыг сумын ЗДТГ, Зурагчин Д.Гансүх нартай хамтран амжилттай зохион байгууллаа.
  2. Сонин : Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд сумын ИТХ-ын 8 удаагийн бүрэлдэхүүн, тухайн үеийн онцлог бүхий сониныг Завхан сонинтой хамтран гаргаж баярын хуралд оролцогч зочид төлөөлөгчид болон иргэдэд хүргэлээ.
  3. Эссэ, илтгэлийн уралдаан: ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дунд “Миний мөрөөдлийн Улиастай хот” сэдэвт эссэ бичлэг, илтгэлийн уралдааныг 2022.11.10-2022.11.22-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Бүрэн дунд 3 дугаар сургууль, 4 дүгээр сургуулийн суралцагчдаас нийт 35 эссэ ирснээс эхний шатны шалгаруулалтаар 10 эссэг шалгаруулж, эхний шатнаас шалгарсан 10 хүүхэд 2 дугаар шатанд өөрсдийн эссэг танилцууллаа. Тус эссэ, илтгэлийн уралдаанд Бүрэн дунд 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч М.Ням-Очир тэргүүн байр, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч Оюунжаргал дэд байр, мөн сургуулийн 10 дугаар ангийн суралцагч Дашням гутгаар байр, Бүрэн дунд 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Тэмүүжин, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Г.Оюундарь нар тусгай байр тус тус эзлэлээ.

Улиастай сумын ИТХ-аас уг эссэ бичлэгийн уралдааны Тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрын эздэд өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-10 байрын эздэд сумын ЗДТГ-аас гарын бэлэг гардуулж, эссэ ирүүлсэн нийт суралцагчдад “Талархал” хадгалууллаа.

  1. Волейболын тэмцээн: Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улиастай сумын үе үеийн төлөөлөгч болон иргэдийн дунд Холимог волейболын тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв” ОНӨТҮГ-ын зааланд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Жинст багаас 2, Жаргалант багаас 2, Чигэстэй багаас 1, Богдын гол багаас 2, Товцог багаас 1, Өлзийт багаас 2 нийт 10 баг оролцсон бөгөөд Тэргүүн байр, шилжин явах цом: Богдын гол багийн Н.Лхагвасүрэн ахлагчтай баг Тэргүүн байр, Жинст багийн Ч.Наранбат ахлагчтай баг дэд байр, Жаргалант багийн Б.Мөнхбаяр ахлагчтай баг гутгаар байр тус тус эзэлж, эрэгтэй тэгш тоглогчоор Б.Жанчивдорж, эмэгтэй Тэгш тоглогчоор Г.Долгормаа нар тус тус шалгарлаа.

  1. Баярын хурал: Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурлыг 2022.11.26-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа. Баярын хуралд Улиастай сумын ИТХ-д сонгогдож байсан үе үеийн төлөөлөгчид, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн ИНХ-ын дарга нар, ИТХ-ын ажлын албаны албан хаагчид урилгаар оролцож, мөн иргэд оролцлоо. Баярын хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, сумын ИТХ-ын дарга Д.Саранцэцэг нар үг хэлж, хуралд оролцогчдод баярын мэнд хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв. Өдгөө Улаанбаатар хотод суугаа Улиастай сумын ИТХ-ын орон тооны анхны нарийн бичгийн дарга, хурлын Тэргүүлэгчдийн анхны дарга асан Балдангийн Төмөрбат баярын мэндчилгээ ирүүлснийг уншиж танилцууллаа.

Мөн энэ үеэр Улиастай сумын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа аймгийн ХЖТеатрт зохион байгуулагдлаа.

Уг хурал дээр сумын ИТХ-ын дарга Д.Саранцэцэг “Улиастай сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэн хөгжил, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл, өнөөгийн байдал” сэдвээр, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, доктор, профессор Д.Баярсайхан “Улиастай хот-Түүх, баримт, судалгаа” сэдвээр, УИХ-ын төслийн зөвлөх, доктор профессор О.Бат-Эрдэнэ “Улиастай хотын хөгжлийн чиг хандлага, төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, сумы Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат “Улиастай суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар” хуралд оролцогчдод мэдээлэл хийлээ. Мөн мэдээлэл “Миний мөрөөдлийн Улиастай хот” эссе, илтгэлийн уралдааны тэргүүн байрын шагналт Бүрэн дунд 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч М.Ням-Очир эссэгээ уншиж танилцууллаа. Мөн энэ үеэр ЕБС-ийн Дэвшил сургуулийн авьяаслаг сурагчид найрал дуу дуулж, аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид дуу хуураа өргөн хурсан олныг баясгалаа. Мөн тус хуралд урилгаар оролцогчдод Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн медалийг гардуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тэмцээн, уралдаануудыг шагналуудыг гардууллаа.

  1. Хүлээн авалт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн зочид төлөөлөгчдийг 2022.11.26-ны өдрийн 18:00 цагт “Алтан” ресторанд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Улаан загалмайн хорооны “Өсвөрийн улаан загалмайч” хүүхдүүд маань зочдыг “Сэтгэлийн үг”-тэй мэндчилгээгээр угтан хүлээн авч, баяр хүргэсэн нь бидний баяр дээр баяр нэмж, сэтгэлийн илч хайрласан сайхан үйл явдал байлаа. Хүлээн авалтын үеэр Улиастай сумын ЕБС-ийн авьяаслаг сурагчид дуу хуураа өргөн, нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн түүх бүтээлцсэн зочид маань халуун дулаан яриа өрнүүлж, түүхээ хуваалцан нэгэн оройг дурсамжтай өнгөрүүллээ. Хүлээн авалтын төгсгөлд сумын ИТХ-аас арга хэмжээнд оролцогчдод гарын бэлэг гардуулав.

Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын институцийн үүрэг, чадавхыг бэхжүүлэх иргэдийн оролцоотойгоор төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, мэдээллийн хүртээмж, нийгмийн хариуцлага, үйлчилгээний талаар иргэдийн санал бодлыг авах, орон нутгийн удирдлагын иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%