Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

2018-10-22


Төрийн үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох, хэрэг маргааныг таслан шүүх замаар нийгэмд шудрага ёс, дэг журмыг тогтооход оршдог. Тиймээс зөвхөн хууль, шүүх эрх мэдлийн байгууллагууд төдийгүй төрийн институтийн ямар ч байгууллага үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж байх ёстой байдаг.

1997 оны 12 сарын 5-ны өдөр батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуульд зааснаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ байдаг.

Монгол улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ жил ирэх тусам өссөөр байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж, эрх зүйн актыг боловсронгуй болгох шаардлага, нөгөө талаар одоо мөрдөгдөж буй хуулийг олон нийтэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн хүчинд түшиглэх,  иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ талаар зохион байгуулж байгаа ажилд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлана.

Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Хууль зүйн сайдаар, нийслэл, сум, дүүрэгт түүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл нь харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг хуульд заасан тусгайлсан төсвөөс төлөвлөж санхүүжүүлдэг.

Мөн яам, агентлаг, төрийн бусад байгууллага, захиргааны хяналтын албад эрхэлсэн асуудлынхаа хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах үүрэгтэй.

Аж ахуй нэгж байгууллага нь дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аван ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй. Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь Гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгох  ба гэмт хэргийг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслийг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.

Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглох ба гэмт хэргийн шинжтэй, илт хууль бус нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааны талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Иргэн нь нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах эрхтэй.

Оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох мөн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Мөн хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг нийтийн эргүүлд гаргах, хэв журмын урамшуулалтай эргүүл жижүүр болон олон нийтийн цагдааг томилох, гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлэх баталгаа зэргийг тусгаж өгсөн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал анхдагч түвшин бол хувь хүний болон гэр бүлийн орчин байдаг ба энэ нь хожим гэмт хэрэгт ямар нэг байдлаар холбогдоход суурь хүчин зүйл болж байдаг. Хувь хүний түвшин дэх сургуульд хамрагдах боловсрол эзэмших, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг хүчин зүйлүүд нь гэмт хэрэгт холбогдох боломжийг бууруулж байдаг.

Та бүхнийг гэмт хэргээс сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%