Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖИЛЛАХ БОЛОН ҮР ДҮН ТООЦОХ ЖУРАМ

2017-12-08

УЛИАСТАЙ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  АЖИЛЛАХ

БОЛОН ҮР ДҮН ТООЦОХ ЖУРАМ

 

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Сумын ИТХ-ын төлөөлөгч нь /цаашид төлөөлөгч гэнэ/ “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай”, “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай” болон холбогдох бусад хууль тогтоомж дахь НӨУБ, түүний хурлын төлөөлөгчдийн талаарх заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.2. Сумын ИТХ-ын төлөөлөгч бол НӨУБ-д сонгогдсон тойргийн иргэдийн төлөөлөгч мөн бөгөөд сумын нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг хуульд зааснаар сумын ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Хоёр. Төлөөлөгчийн үүрэг

2.1. Бодлогын хороодод хуваарилагдаж, хороодын ажиллах журмын хүрээнд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, тухайн асуудлаар өөрийн саналаа холбогдох хороонд, цөөнх болсон бол хурлын хуралдаанд танилцуулж болно.

2.2. Төлөөлөгч нь хурлын хуралдааны дэг, дотоод журмыг чанд сахиж, хуралдаан даргалагчийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлж, таслах эрхтэйгээр оролцож хэлэлцэж байгаа асуудлаар асуулт, асуулга тавьж хариу авах, асуудал санаачлан хэлэлцүүлж үг хэлж санал шүүмжлэл гаргана. Хүндэтгэх шалтгаанаар хурлын хуралдаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа хуралдаанаас өмнө хурлын даргад урьдчилан мэдэгдэж хуралдаанаас чөлөө авна.

2.3. Олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэн сахиж, түүнийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.4. Сумын ИТХ-ын төлөөлөгч нь төрийн албаны болон ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, хуулийг дээдэлж, төрийн нууцыг хадгалж ажиллахын дээр хуралдаанд үг хэлж, санал дүгнэлт гаргахдаа асуудалд нотолгоо үндэслэлтэй, хариуцлагатай хандаж, бусдыг гүтгэж доромжлох, өөрийн болон хэсэг бүлгийн саналыг бусдад тулгаж уриалах, хуралдаанаар хэлэлцсэн

 

боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлын талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

2.5. Сонгогдсон тойргийн болон нийт иргэдийн санал, захиа даалгавар, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтоо ИТХ-ын шийдвэр, баталсан хөтөлбөр, чиглэлүүдэд тусгуулах, зохион байгуулж хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллах, сонгогчдоо төлөөлөн нийтлэг ашиг сонирхлыг нь илэрхийлэн хамгаалж, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч бүртгэн тооцож, зохих байгууллага албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлж хариу өгүүлэн тэдэнтэй байнгын холбоотой ажиллана.

2.6. Сумын ИТХ-ын төлөөлөгчид хууль тогтоомж, төр засгийн бодлого, зорилт, сумын ИТХ-ын шийдвэр зорилтыг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, хянан шалгах ажил, төлөөлөгчдийн болон хурлын нэрэмжит өдөрлөг, зөвлөгөөн, сургалт семинарт идэвхтэй оролцоно.

2.7Шаардлагатай асуудлаар сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад төлөөлөгчийн албан хуудсаар санал зөвлөмж, шаардлага, асуулга тавьж хариу авч ажиллана.

2.8. Тухайн нутаг   дэвсгэр дэх байгууллага, иргэдэд тулгамдсан асуудлыг судлан тогтоож дүгнэлт хийж түүнийг төр засгийн болон нутгийн захиргааны байгууллагаас гарах шийдвэрт тусгуулах. Төсөл бусад эх сурвалжаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаг алдалгүй арга хэмжээ авахуулахаар холбогдох талд танилцуулах иргэдийг идэвхтэй татан оролцуулах замаар шуурхай шийдвэрлэхэд нь нөлөөлнө.

2.9. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, халамж, дэмжлэг тусламжийг хуваарилалтыг оновчтой болгох, мэдээ мэдээлэл холбоо харилцааны шуурхай байдлыг сайжруулах, аливаа шийдвэр бодлого амьдрал дээр хэрхэн нийцэж тохирч байгаад иргэдийн саналыг судлан дүгнэлт хийх, нэмэлт өөрчлөлтийг тусгуулах, нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг бууруулах, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар явуулж байгаа ажилд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай асуудалд хяналт шалгалт хийлгэж хариуцлага тооцуулан зөрчил дутагдлыг арилгуулах зэргээр хурлын зорилтыг хэрэгжүүлж ажиллана.

2.10. Төлөөлөгч нь сонгуульт ажилдаа НӨУБ-ууд тэдгээрийн төлөөлөгчид, ажилтан сонгуультан нар төрийн бус байгууллага, үйлдвэр ААН, хөдөлмөрийн

 

хамт олон зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг туслалцааг өргөнөөр авч тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх замаар НӨУБ, сонгогчдын харилцан итгэлцэл, төр ард түмний холбоог бэхжүүлэхэд онцлон анхаарч ажиллана.

2.11. Төлөөлөгч нь хийсэн ажил, хүрсэн үр дүн шийдвэрлэх шаардлагатай асуудал, орон нутгийн ажил амьдралтай холбоотой асуудлаар саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж сонгогчиддоо тайлагнан сонгуульд ажлын дүнгийн талаарх мэдээллийг энэ журмын 4.2-д заасны дагуу бичиж жил бүрийн 11-р сард багтаан хурлын ажлын албанд ирүүлнэ.

Гурав. Төлөөлөгчдийн үйл ажиллагааны баталгаа.

3.1. Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь НӨУБ-ууд, сум, багийн Засаг дарга, Тамгын газар тэдгээрийн албан тушаалтан, төрийн албан хаагчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

3.2. Төлөөлөгчийг сонгуульт ажлаа гүйцэтгэхэд нь шаардагдах гарын авлага, мэдээлэл өгөх удирдамжаар хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүргийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын алба хариуцна.

3.3. Төлөөлөгч сонгогчидтой уулзалт хийх, сурталчилгаа явуулах, хүлээн авч санал хүсэлтийг сонсох зэрэгт байр, унаагаар  үйлчлэх, зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулахад сум, багийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга нар идэвхийлэн ажиллана.

3.4. Төлөөлөгчийг сургалт семинар, хяналт шалгалтад оролцох үед ажлын чөлөө олгох, хурал, сургалт, зөвлөгөөнд хамрагдахаар өөр аймаг, хот, сумдад ажиллах үеийн томилолтын зардлыг төлөөлөгчийн ажилладаг албан байгууллага хариуцна.

3.5. Төлөөлөгчдийн хурлын хуралдаан, бодлогын хороодын ажилд оролцох үеийн байр, хоол, соёлын арга хэмжээ, бичиг хэрэг, нэгдсэн тээврээр үйлчлэх зардлыг сумын ИТХ-ын төсвөөс гаргана.

3.6. Хурал, тэргүүлэгчдийн шийдвэрээр төлөөлөгчдийн дунд сонгуульт ажлаар эсвэл тодорхой асуудлаар болзолт уралдаан зарлан дүгнэж болно.

3.7. Төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан хуудас хэрэглэнэ.

                                              

 

3.8. Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12-р зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.9. Төлөөлөгчийн сонгуульт ажлын хэрэгцээнд тодорхой хэмжээний зардлыг сумын ИТХ-ын төсөвт тусгаж болно.

Дөрөв. Төлөөлөгчийн ажлыг дүгнэж урамшуулах.

4.1. Нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг судлан шийдвэрлэх, сонгогчдын захиа даалгавар, итгэлийг биелүүлэхэд төлөөлөгчийн хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, хууль тогтоомж, төр засгийн бодлого зорилт шийдвэр, аймаг сумын ИТХ, тэргүүлэгчдийн шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлж олон нийтийн хяналтыг ил тод, шуурхай болгож, төр ард түмний холбоог бэхжүүлэх НӨУБ-ын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс төлөөлөгчийн ажлыг тодорхой хугацаанд дүгнэж болно.

4.2. Төлөөлөгчид жилийн ажлын тайлан, мэдээллээ дараах чиглэлээр гаргана. Энэхүү чиглэлээр төлөөлөгчийн ажлыг дүгнэх ажлыг жил бүрийн 12-р сард дүгнэнэ.

1. ИТХуралдаанд оролцсон байдал /ирц, хожимдолт, таслалт/

2. Хуралдаан дээр гаргасан ажил хэрэгч санал, шүүмжлэл, дэвшүүлсэн шийдлийн оновчтой хувилбар

3. Санаачлан боловсруулж ИТХ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн асуудал

4. Хурлын хороодын ажилд оролцсон байдал /хурал, хяналт шалгалт, бусад ажил/

5. Хууль тогтоомж төр Засгийн бодлого, зорилт, сумын ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг сурталчилан хэрэгжүүлэх талаар хийсэн ажил

6. Хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэх талаар хийсэн бүтээлч ажил, үр дүн

7. Тойргийн багийн ИНХ-д үзүүлсэн мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг, сонгогчдынхоо дунд нэрэмжит өдөрлөг, ажил хэргийн болон соёл олон нийтийн ажил зохиосон байдал.

8. Сумын ИТХ-ын Төлөөлөгчид хурлын даргаас тусгайлан үүрэг даалгавар авч биелүүлсэн байдал.

 

 

9. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч барагдуулах талаар зохиосон ажил, иргэд, байгууллага, сум, багийн тулгамдсан асуудлаар судалгаа хийсэн, дүгнэлт гаргасан эсэх түүнийг шийдвэрлүүлэх талаар гаргасан санаачлага, үр дүн

10. Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын талаарх тайлан, мэдээллийн тогтмолжилт үнэн зөв байдал зэргийг авч үзнэ.

4.3. Үзүүлэлт тус бүрд чанар, үр дүнгээр нь 10 хүртэл оноо өгч ажлын үр дүнгийн түвшинг тогтоож хурлын дарга, намын бүлгийн ахлагч нарт урьдчилан танилцуулж саналыг нь авна. Авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан бол “хангалттай”, 60-аас доош оноо авсан бол “хангалтгүй” гэж үнэлнэ. Тэргүүний ажиллагаатай төлөөлөгчдийг урамшуулах, хангалтгүй үнэлгээ авсан бол төлөөлөгчдөд анхааруулга өгч намын бүлэгт албан ёсоор мэдэгдэж, тойргийн сонгогчдод нь мэдээлэх арга хэмжээ авна.

4.4. Төлөөлөгчийн ажлын дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж болно.

 

 

 

УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%