Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

ИТХ-ын баримтлах бодлого

2017-12-08

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН

 ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  ХУРЛЫН 2016-2020 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН

 ХУГАЦААНД БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  баримтлах бодлогод тулгуурлан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж, иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн чиг хандлага, хурлын байгууллагын үйл ажиллагаанд уламжлал, шинэчлэлийг хослуулах арга барилыг удирдлага болгон нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх замаар бүрэн эрхийн хугацаанд дараах баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана. 

ЭРХЭМ ЗОРИЛГО: Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ёсоо дээдлэн, ил тод байдлыг хангасан, сумын хөгжлийн бодлогыг иргэдийн эрх ашигт нийцүүлэн оновчтой тодорхойлон хэрэгжилтийг хангуулж, иргэдийн эрх чөлөөтэй, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангах нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ЭРХЭМ ЗОРИЛГО мөн.

ЗОРИЛТ 1: Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд зохион байгуулалтыг боловсронгуй болгож хурлын байгууллагаас хэрэгжүүлж буй ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

          1.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг хуулийн хүрээнд бүрэн хангаж, орон нутагт тулгамдсан асуудлыг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шийдвэрлэж, Хурлын ажил хэрэгч үйл ажиллагааг дээшлүүлнэ.

          1.2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын манлайллыг дээшлүүлж, хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хийж иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана.

          1.3. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, сумын Засаг даргын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангаж, сумын эдийн засаг, нийгмийн аливаа

асуудлыг хамтран шийдвэрлэх замаар Нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж ажиллана.

          1.4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бодлогын баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөө, дүрэм журам тогтоох шийдвэрийн төслийг иргэдээр хэлэлцүүлэн, иргэний нийгмийн байгууллагын санал санаачлагыг тусгана.

          1.5.  Сумын Иргэдийн Төлөөлөгчдийг мэргэжил, ажлын туршлагыг харгалзан бодлогын хороодод хуваарилан, хороодын ажиллах журмыг хуралдаанаар батлуулан, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

          1.6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд нутаг дэвсгэрийн байгууллагыг хариуцуулж, багийн Иргэдийн нийтийн хуралд арга зүйн зөвлөгөө өгөх нөхцөл боломжоор хангаж ажиллана.

          1.7. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн “Тойрогтоо ажиллах болон ажил дүгнэх журам”, “Тэргүүлэгчдийн ажиллах болон ажил дүгнэх” журам зэргийг ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллана.

          1.8. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 онд баримтлах бодлогын зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, Тэргүүлэгчид, ажлын албаны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг оновчтой төлөвлөн хэрэгжилтийг хангаж хуралдаанд тайлагнаж ажиллана.

          1.9. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх бодлогын хороод, төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулахад чиглэсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдаж, төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт төлөөлөгч нарыг хамруулж  мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сонгуульт ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

          1.10. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж үйл ажиллагааг хэвийн явуулахад төсөв санхүүгийн туслалцаа үзүүлнэ.

 

 

ЗОРИЛТ 2: Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг оновчтой болгож салбаруудын чиглэлээр дэд хөтөлбөр гарган хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

2.1. Хуралдаанаас сумын төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа сум орон нутгийн хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, хөтөлбөр төлөвлөгөө, иргэдээс гарсан саналд тулгуурлан нийгмийн эрх ашигт нийцсэн төсөл, арга хэмжээ үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого баримтална.

2.2. Орон нутгийн өмч өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө бэлтгэх, худалдах, шилжүүлэх, актлах, түрээслэх ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” болон бусад хууль тогтоомж, аймгийн                              ИТХ-аас баталсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

2.3. Аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэх “Завхан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх, малын чанар ашиг шимийг сайжруулах хөтөлбөр”-ийг өөрийн сумандаа хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлан мал сүргийг эрүүлжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй, эко хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж ажиллана.

2.4. Мал сүргийн чанарыг сайжруулах эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах борлуулах үйл ажиллагааг бодлогоор дэмжих малчдын хөдөлмөр эрхлэлт үйлдвэрлэл ашиг орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх замаар залуу малчдыг дэмжих “Сайн малчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого баримтална.

2.5.  Мал гэрийн тэжээвэр амьтдын тоон мэдээний үнэн бодит байдалд дүгнэлт хийж цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж ажиллана. 

2.6. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, техникийн болон зоорины үйлчилгээг бий болгож хүн амын төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллана.

2.7. Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

 

   2.8. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж “Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэн гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулна.

2.9. Улиастай сумын доторх замыг хатуу хучилттай болгох, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх, “Сайн хашаа хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтийг хангах, дэд бүтэц, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжинэ.

2.10. Сумын төвийн интернетийн үйлчилгээг сайжруулан хурдыг нэмэгдүүлэх, камержуулалтыг үе шаттай хийх ажлыг дэмжиж ажиллана.

2.11. Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийг дэмжиж “Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, цуглуулах, тээвэрлэх, устгах журам”-ыг шинэчлэн баталж хэрэгжилтийг хангуулж ажиллана.

2.12. Байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол доройтлыг, бууруулах, голын ай сав, булаг шандны эхийг хамгаалах, ногоон байгууламж, зурвас байгуулах, мод бут сөөг тарих ажлыг бодлогоор дэмжиж, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулна. 

2.13. Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх бодлого баримталж, орлогын бүрдүүлэлт зарцуулалтад хяналт тавьж ажиллана.

2.14. Аймгийн ИТХурлын баримтлах бодлогод тусгагдсан хөтөлбөрүүдийг дэмжиж сум орон нутагтаа  хэрэгжүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрүүд батлан хэрэгжилтийг хангуулж ажиллана.

2.15. Төрийн албан хаагчдыг архидан согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзаж манлайллыг бий болгох зорилгоор аймгийн ИТХ-аас гаргаж буй “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг дэмжиж хэрэгжилтийг хангуулна.

ЗОРИЛТ 3: Сумын хурлын төлөөлөгч, сонгогч иргэдийн харилцаа холбоог сайжруулна. 

3.1. Сумын хурлын төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж санал хүсэлтийг авч шат дараатай хэрэгжүүлэх зарчмыг баримтлан, нутгийн удирдлагын байгууллага, төлөөлөгчдийн хийсэн ажлыг тайлагнаж ажиллана.

 

3.2. Монгол Улсын хууль тогтоомж, Хурал, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг сурталчлах ажлыг төлөөлөгч, иргэд сонгогчид, тухайн тойргийн төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг тогтолцоог хэвшүүлж, шинээр боловсруулж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах үүднээс “Супер хэрэглэгч”, “И-хөтөч” зэрэг цахим сайтын ач холбогдлыг сурталчилж иргэдтэй хамтран ажиллана.

3.3. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баримтлах бодлогод тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийг зохион байгуулахад төлөөлөгчдийг манлайлагч, идэвх санаачлагатай үр дүнтэй оролцогчийн хэмжээнд ажиллуулан ажлыг дүгнэж урамшуулах арга хэмжээ авч ажиллана.

3.4. Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан иргэдтэй уулзах өдөр бий болгож, иргэд хүлээн авч уулзах, цахим болон бусад хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль сурталчлах чиглэлээр нээлттэй байдлаар ажиллана.

3.5. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөл, сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

3.6. “Улиастайн өдөр”-ийг тогтоон жил бүр уламжлал болгон орон нутгийн онцлог түүхийг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтална. 

3.7. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын уялдаа холбоог сайжруулж, байгууллага сурталчлах өдөр зохион байгуулж ажиллана.

3.8. Төрийн бус байгууллагын ажлыг идэвхжүүлэн сургалт, ярилцлага, мэтгэлцээнд оролцуулах, ажлын арга барилаас харилцан туршлага солилцох, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх санаачлагыг дэмжих бодлого баримтална.

3.9. Хурлын байгууллага, төлөөлөгчдөд тавьсан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд барагдуулж хариуг эргэн мэдээлдэг ажлыг тасралтгүй зохион байгуулж дүнг иргэдэд тайлагнана.

3.10. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулж буй ажилд идэвх санаачлагатай оролцож нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж ажиллана.

    3.11. Бусад улс, аймаг, нийслэл, сум дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын шилдэг арга туршлагаас солилцон харилцан туршлага судлах нөхцөлөөр хангана.

3.12. Хөрш болон гуравдагч орнуудын хотуудтай хамтын ажиллагааг тогтоох нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

3.13. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, хүүхэд залуучуудыг дэмжсэн арга хэмжээнүүдийг бодлогоор дэмжиж ажиллана.    

 ЗОРИЛТ 4: Иргэдийн оролцоонд тулгуурласан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтын тогтолцоог сайжруулна.

4.1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг мэдээ тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авч Бодлогын хороодоор хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэх, шаардлагатай гэж үзвэл Төрийн бус байгууллагаар мониторинг хийлгэх ажлыг тогтмолжуулна.

4.2. Төсвийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох хуулийн хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулж, иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу Аудитын болон бусад хяналт шалгалтын байгууллагаар хяналт хийлгэх ажлыг зохион байгуулж дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажиллана.

4.3. Суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, төсөл хөтөлбөрөөр хийгдэж буй ажлын чанар үр дүнд хурлаас тавих хяналтыг өндөржүүлж бодлого чиглэлээр хангаж ажиллана.

4.4.  Албан байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж аймгийн ИТХ, Орон нутгийн өмчийн харилцааны газар, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нартай хамтран орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж ажиллана.

4.5. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл, хөтөлбөр, дэд хөтөлбөр, журмын хэрэгжилтэд хяналт тавьж дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх замаар эрчимжүүлэх арга хэмжээ авч, бодлого, дүгнэлт, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг хангуулна.

4.6. ИТХ-аас зохион байгуулж буй хяналтын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ил тод нээлттэй байдлыг хангана.

4.7. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтныг авилга, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх, авилгыг үл тэвчих нөхцөлийг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлж, хяналтыг сайжруулна.

 

                        

 

УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%