Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

МАЛ СҮРГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, МАЛЧИН ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХЫГ УРИАЛАВ

2017-10-06

Завхан аймгийн Улиастай сумын Малчдын III зөвлөлгөөн болж, 100 малчин оролцож, уриалга гаргалаа. Зөвлөлгөөний үеэр малчид төрөөс баримталж буй бодлого чиглэл аймаг орон нутгийн дэмжлэг туслалцаа, малчдын өмнө тулгамдаж буй олон асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчид мал сүргийг эрүүлжүүлэх, чанар ашиг шимийг сайжруулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл хийв. 
Эдгээр хөтөлбөрүүд хэрэгжсэнээр МАА-н үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтэрч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын ажил, амьдралыг сайжруулах боломж нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн мал сүрэг эрүүлжиж, малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх болон малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах эрх зүйн орчин бий болох юм. Цаашид бэлчээр ашиглах, эзэмших менежментийг боловсронгуй болгох, хадлан тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын усан хангамжийг сайжруулах, мал аж ахуйн эрсдэлийг бууруулах замаар уур амьсгал байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхийг бий болгоно гэхчлэн төрөөс барьж буй бодлого, аймаг орон нутагт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сумын ИТХ, болон ЗДТГ-аас өглөө.
Малчдын зөвлөлгөөний үеэр өрхийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн яаж гаргах, төлөвлөгөөтэй байсан нь ямар үр дүнтэй байх талаар аймгийн Онцгой байдлын газраас, малын даатгалын үр өгөөжийн талаар  Завхан дахь Монгол даатгалын салбараас, энэ өвлийн уур амьсгалын төлөв байдлын тухай аймгийн Цаг, уур орчны шинжилгээний албанаас, мал маллагаа, малын эмчилгээний талаарх сонирхолтой мэдээллүүдийг аймгийн "Очирванийн хүлэг" морин спорт уяачдын холбооноос тус тус өгсөн байна. Мөн аймгийн ХХААЖДҮГ-аас малын шүлхий мялзан зэрэг халдварт өвчний асуудлаар малчдад мэдээлэл хийж, зөвлөлгөөнд оролцсон малчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.
Дашрамд дурдахад: Монгол Улсын төр засгаас мал аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарч Улсын Их Хурлаас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Энэхүү төрөөс баримтлах бодлогын зорилго нь малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэн амьдралын төвшинг дээшлүүлэх. Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр дамжуулан мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой.
Улиастай сумын малчид энэ удаагийн зөвлөлгөөнөөр малчин бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж өөрсдийнхөө эрүүл мэнд, нийгмийн баталгааг бий болгоцгооё хэмээн уриаллаа.
Тэд энэ удаагийн зөвлөлгөөнийг үр дүнтэй мэдээлэл сайтай боллоо хэмээн дүгнэж тодорхой уриалгыг гаргаж дараагийн зөвлөлгөөнөөр уриалгынхаа хэрэгжилтийг дүгнэнэ хэмээв. Уриалгадаа "мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, малчин өрх бүр үйлдвэрлэгч болж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, амьжиргааны төвшингөө дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллацгаая. Эртнээс уламжлагдаж ирсэн мал маллагааны арвин баялаг туршлагаас суралцахын зэрэгцээ, өөрийн мэддэг чаддаг бүхнээ залуу үеийнхэндээ зааж, сургаж өвлүүлэн, шинэ залуу малчдын халааг бэлтгэхэд хүн бүр хүчин чармайлт гаргацгаж монгол уламжлал, ёс заншлаа хадгалж, айл саахалтаараа, ахан дүүсээрээ, нутаг усаараа, бүлэг, хоршоо байгуулан хүч хөдөлмөрөө хоршин, байгаль цаг уур, зах зээлийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа хохирол багатай даван туулцгаая хэмээн уриалжээ. Түүнчлэн хүн амыг аюулгүй хүнсээр, үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангахын тулд мал эмнэлэг, үржлийн арга хэмжээнд малаа технологийн хугацаанд бүрэн хамруулж, хот, бэлчээрийн ариун цэврийг сайжруулан элдэв өвчний голомтыг устгаж, мал сүргээ аливаа өвчин эмгэгээс эрүүлжүүлж, эрүүл малтай болох" гэхчлэн 9 заалт бүхий уриалгыг гаргаж нийтэд хүргэлээ.
Улиастай сум нь 238 малчин өрх, 545 мал бүхий өрхтэй бөгөөд энэ жил 125948 толгой мал тоологдсон. Мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг “Завхан түншлэл”, “Сартуул гүртэн“,”Одчим нар” хоршоодтой  сумын Засаг дарга болон аймгийн ХАА-н газар гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 55,8 мянган мал, паразиттах өвчнийг эмчлэх сэргийлэхэд 67,4 мянган толгой малыг  хамруулаад байгаа юм. Мөн 740 толгой малыг оношлогоо шинжилгээнд, 38,7 мянган м/кв талбайд ариутгал халдваргүйжилт хийж шаардагдах эм бэлдмэлийг цаг хугацаанд нь нийлүүллээ.  Түүнчлэн 2014 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор батлагдсан Улиастай сумын хязгаарлалтын бүс, Улиастай сумын нутаг дэвсгэрт мал, амьтан тэжээж буй иргэд, аж ахуй нэгжийн дагаж мөрдөх журам, Хязгаарлалтын бүсэд хариулга маллагаагүй малыг түр саатуулах журмуудын хэргэжилтийг хангуулан хязгаарлалтын бүсэд мал, амьтан маллаж буй 89 өрхөд хугацаатай мэдэгдэл хүргүүлэд байна.
Энэ онд сумын 82 өрхийн 26,421,000 кг ноосыг улсын үйлдвэрт тушаан ноосны урамшуулалд хамруулах ажлыг зохион байгуулаад байна. Улиастай сумын мал өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангуулах сумын Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 50тн байгалийн хадлан бэлтгэн хүлээн авсан бөгөөд цаашид шаардлагатай тохиолдолд хэрэглэх өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
                                                  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%