Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Улиастай сумын Ундны усны аюулгүй байдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2017-09-07

Улиастай сумын ундны усны аюулгүй байдлын асуудлаар энэ сарын 05-ны өдөр Улиастай сумын Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Аймгийн Амь ус ОНӨААТҮ-ийн газар, ЭМГ, БОАЖГ, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид, Ахмад эмч нарын холбооны төлөөлөл, Усны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгийн тэмдэглэлийг доор нийтэллээ. 

 


Улиастай сумын Ундны усны аюулгүй байдлын асуудлаар хийсэн

ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН  тэмдэглэл


 

Хэлэлцүүлгийг нээж Улиастай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Э. Мөнхсайхан үг хэлэв. Тэрээр Ус бол хүний амьдралын салшгүй хэсэг, манай аймгийн төв 2 гол урсдгаараа давуу юм. Бидний ундаалж буй усанд илэрсэн нян бактерийг устгах, булаг шандны хайс хамгаалалтыг сайжруулах, иргэдийн зөв ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж төр, ИНБ-ын төлөөллүүд хэлэлцэж байгаад баяртай байна, Хамтын ажиллагаанд амжилт хүсэн Хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэв.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр : М.Дуламжав-Өрнөх хөгжил ТББ ажиллаж хэлэлцүүлгийн зорилго нь Иргэдийн цэвэр аюулгүй ус хүнсээр хангагдах эрхийг хэрэгжүүлэх талуудын оролцоог нэмэгдүүлснээр Улиастай сумын ундны усны аюулгүй байдлыг хангах юм гэлээ

 

Хэлэлцүүлэг: Улиастай сумын иргэний танхимд болж УСЗДТГ, МХГ, БОАЖГ, УЦУОША, ЭМГ, АМЬ УС ОНӨААҮГ, Улиастай сумын 6 багийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч ИНБ болон бусад эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөллийн нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй “Усны аюулгүй байдал” сэдвийн хүрээнд  Нээлттэй сонсголын хуулийн хүрээнд явагдлаа  

Өрнөх хөгжил ТББ-ын Тэргүүн М. Дуламжав

“Эрүүл ус-Эмэгтэйчүүдийн эрх” төслийн хэрэгжилт, санхүүжүүлэгч байгууллагын талаар товч мэдээлэл хийв. МОНЭС нь 2000 оноос эхлэн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрхийн хүрээн дэх анхан шатны төсөл Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Дархан Уул, Завхан зэрэг аймгуудад хэрэгжиж дуусч байна, Завхан аймагт ундны усны аюулгүй байдлын хүрээнд Эрүүл ус-Эмэгтэйчүүдийн эрх, Уул уурхайгаас хамаарсан эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр 2 жижиг төсөл хэрэгжиж байна.

Богдын гол баг маань 2 голын ай савд байрладаг тул байрлал дахь өрхүүдээс сонгосон. Ахуйгаасаа болж бид ундны усаа маш их бохирдуулж байна. Шаардлага хангахгүй 00 жорлон, хуванцар савны хэрэглээ их, усанд нян илэрсэн зэрэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Өмнөх хэлэлцүүлгээр “ Хуванцар савны хэрэглээг багасгах тухай” Улиастай сумын ИТХ-ын тогтоол гарсаныг мэдээлэв. Аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэхэд 6 үзүүлэлт л гарч байна. Амь-Ус ОНӨААҮГазар гэхэд дотоод хяналтын лабораторигүй.   Усны аюулгүй байдлын төлөвлөгөө 2017 онд дуусч байгаа тул үргэлжлүүлэн төлөвлөх, шинэчлэхэд бидний оролцоо, туршлага чухал гэж харж байна.

Хэлэлцүүлэг маань 2016.01.01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг явагдах талаар танилцуулаад хүн бүхэн нээлттэй оролцож, зөв шийдлээ хамтдаа олох нь чухал болохыг онцлов. Хэлэлцүүлгээр аюулгүй цэвэр усаар хангагдах эрхийг хэрэгжүүлэх салбарууд юу хийж чадах бэ? бид хамтраад дуу хоолойгоо нэгтгэж тулгамдсан асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна гээд одоогийн тулгамдаж байгаа 6 асуудлыг  танилцууллаа Үүнд:

 Асуудал 1: Улиастай сумын Богдын гол баг Богд, Чигэстэй голын ай сав газарт байршдаг. 1987-1988 онд голын ай савыг чөлөөлөх, хөрсийг цэвэршүүлэх зорилгоор айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн боловч 1990 оны дунд үеэс айл өрхүүд газар зохион байгуулалтын  ямар ч төлөвлөлтгүйгээр голын эх сав газарт олноор бууснаар хөрсний бохирдол нэмэгдсэн.

 

Асуудал 2 : Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэгт ганцхан усан сантай, Нэгдэл дунд гүүрний хэсэгт усан сан байхгүйгээс айл өрхүүд голоос усаа авдаг, Нүхэн жорлон 1 м ухаад хөрсний ус гардаг хөрсний бохирдлоос үүдэлтэй усны бохирдол ихтэй

Асуудал 3: Ундны ус, хүнс цагаан идээгээ  хуванцар саванд авдаг, хадгалдаг иргэдийн эрүүл мэнд, эрүүл аж төрөх мэдлэг хандлага дутмаг

Асуудал 4: Богдын гол багийн иргэдээс санамсаргүй түүврийн аргаар хуванцар савны хэрэглээ иргэдийн эрүүл мэнддээ анхаарч байгаа байдал, өвчлөлийн судалгаа авч дүгнэхэд:

·         Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь 2016-2017 онд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, хяналтад зориудаар  хамрагдаагүй, өвдсөн үедээ эмнэлэгт хандсан  байна.

·         Судалгаанд хамрагдсан иргэдийн 75 хувь нь өөрийгөө эрүүл биш гэж дүгнэж байна

·         3 өрх тутмын 1 нь голоос усаа авч  60 гаруй хувь нь ууж байгаа усаа цэвэр гэх итгэлгүй байгаа боловч усаа шүүж хэрэглэх, усны эх үүсвэрээ өөрчлөх санал санаачлага бага байна

·         Хуванцар сав хортой эрүүл мэндэд муу нөлөөтэй гэж 80 гаруй хувь мэдэж байгаа боловч  “Хуванцар сав”-аа сольж чадахгүй байна

Мөн 2 дахь  шатанд бид яг юуг барьж авч ажиллах вэ гэдэг гол санааг та бүхнээс хүлээж байна гэв.

2. Хөтөлбөрийн дагуу Дотрын их Эмч, Ахмад эмч нарын холбооны Тэргүүн   С.Ишдорж- Ус яагаад хамгийн чухал зүйл бэ? Бид үүнийг яагаад сонгосон талаар мэдээлэл өгөв Тэрээр:

Ус бол би орших уу, эс орших уу гэдгийг шийддэг, нийгмийн бүх салбарт хамааралтай асуудал юм.. Эсийн оршихуйн доторх бүх солилцоо усан дотор явагдаж байна.

Ус бол ургийн хүн болох, аюулгүй байх, өсөж торниход хамгаалалтын үүрэг гүйцэтгэж эхэлдэг. Ус нь ууршуулах, цэвэршүүлэх, дамжуулах, шингээх гээд хүний амьдралын бие организмын салшгүй хэсэг бөгөөд хүний биеийн хамгийн багаар 70% нь ус эзэлдэг. Бид 60% нь бохирдолтой ус хэрэглэж байна, яаж өвчлөхгүй байх вэ, Аль болох цэвэр ус уухыг хичээж айл өрхүүд хувийн арга хэмжээ авч ахуйдаа шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй байна. Мөн ундны усандаа хяналт тавих эрхтэй, үүрэгтэй. Усыг хайрлах хэрэгтэй,  нөөц бол хязгаартай. Гүний худаг хамгийн багадаа 43м гүнээс авсан ус аюулгүй гэж үздэг, бид 24 м гүнээс авдаг ус хэрэглэж байна.

3. Ментор Эрдэнээ- Завхан аймагт ажиллах болсон зорилго зорилт Эрүүл ус эмэгтэйчүүдийн эрх төслийн хэрэгжүүлэгч нартай ажилласан, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Завхан аймагт МОНЭС-с 2 төсөл хэрэгжиж байна. Төслийн анхан шатны зорилго бол  төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг чадавхижуулах, хүлээн зөвшөөрөгдөх байдал , нөлөөлөлд дэмжлэг үзүүлэх, жижиг зардлуудыг санхүүжүүлэх зэрэг байлаа. Цаашид бид шат шатаар хамтран ажиллах боломжтой. Богдын гол багийн иргэд эрүүл аюулгүй ус уух эрхээ эдэлж чадахгүй байгааг хөндөж төсөл хэрэгжүүлж байгаа нь зүйтэй юм. Бид энэ хэлэлцүүлгээр зохион байгуулалт, харилцан асуулт хариулт, 2-р шатанд хэрэгжих төслийн санал санаачлага юу байгаа талаар нээлттэй ярилцах болно. Менторын зүгээс уг төслийн хүрээнд 12 төрлийн зөвлөмж хүргүүлж байгааг тус бүр тайлбарлан танилцуулав.

Хэлэлцүүлэгт хийсэн мэдээлэлтэй холбогдуулан асуулт хариулж явагдлаа

Улиастай сумын ЗДТГ-ын Дарга Т. Мөнхбаатар:

АХБ-ны хөрөнгө оруулалтаар  Польтехнийкийн коллежид 4 эко ОО барьсан.  шингэн өтгөнийг нь тус тусад нь сулладаг. Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжгүй дулаанд хэрэглэдэг хэдий ч төгс шийдэл болж чадахгүй байгаа. Энэ талаар судалсан, төлөвлөсөн зүйл юу байна гэсэн асуулт ментороос асууж холбогдох зөвлөмжийг авлаа.

Богдын гол багийн Засаг дарга Л. Сандагсүрэн:

Богдын гол багийн иргэд усанд хүрэхэд зам хомс тул хашаандаа ч юм уу 00-той ойролцоох 2-3 м гүн худгаас бохир ус их ууж байна. Эко 00-н төсөв хир байдаг вэ, 1 өрхөд ногдох төсөв, төлөвлөгөө байдаг уу, цаашид хир өсөх, хэлбэлзэл байна уу?  гм асуултыг ментороос асууж холбогдох мэдээлэл хариултыг авч  туршлага судлав.

Эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөл Р. Алтан-Өлзий:

Хөрсний ахуйн бохирдлоос болж ус ихээр бохирдож байгаа тул био нойл ярихаас аргагүй, ус авдаг хүүхдүүдэд зориулж сургалт, зөвлөгөө хүргэх нөлөөллийн ажлыг 2-р шатны төсөлдөө оруулах санал илэрхийлэв. Бас нэг асуулт байна. Баян-Айраг-н  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уншихад /2016 оны/ 370 ш хуванцар савыг аймгийн ОБГ-т хорыг саармагжуулж хүргэсэн гэсэн байсан, магадгүй энэ 370ш хуванцар сав айл өрх рүү тараагдсан байх вий, одоо ОБГ-таа  байгаа эсэхийг мэдэх боломж байна уу гэсэн боловч тодорхой хариулт авч чадсангүй.

Хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэв

Стандарт хэмжилзүйн хэлтсийн  дарга Г. Цэцэгээ:

Манай аймгийн удирдлагууд 1980-д оноос 2 голын ай саваа хамгаалах зорилгоор айл өрхийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэж ирсэн. Гэтэл 1 дарга солигдохоороо өмнөхөө үгүйсгээд айл бууж, 00 ихсэж хөрсөө бохирдуулсанаар бид бохир ус хэрэглэх болсон. Амьдрал бол цаг тутмын сонголт.

Богдын голын дагуу байрлаж байгаа Улиастай захын  цайны газрууд голоос усаа аваад  цай, хоолоо  хийдэг. Ойрхон, сайхан хоолтой гэдгээр эх үүсвэрийг нь мэдэхгүй, судлахгүй аюултай хүнс сонгон хэрэглэж, хайртай хүүхдүүддээ түгээж байна. Тиймээс

1.      Нянгийн халдвартай хүнс, ус гэдгийг хүмүүст маш сайн ойлгуулах хэрэгтэй.

2.      Улиастай хотын ерөнхий төлөвлөгөөнд Усыг тусгайлан бүлэглэн оруулах хэрэгтэй

3.      Соён гэгээрүүлэх хэрэгтэй-Чиний төлөө, хайртай хүмүүсийн чинь төлөө гм

4.      Говь-алтай аймгаас жишээ авах хэрэгтэй. Хатуулаг ихтэй устай учир цэвэр усны үйлдвэр байгуулж өрх бүрт 20 л ус 500 төгрөгөөр түгээж байна.Үр дүнд өвчлөл буурсан.

5.      Өөрийн аймагт байгаа цэвэр усны үйлдвэрүүдийг судлах, үнийн санал солилцох гарц шийдэл олох нь зүйтэй.

Улиастай сумын Иргэдийн төлөөлөгч, тэргүүлэгч  /Богдын гол баг/ Т.Пүрэвжаргал

Шугам сүлжээнд холбох ажлыг төлөвлөгөөтэйгээр шат дараалан хэрэгжүүлэх нь чухал санагдаж байна. Одоо богдын гол багт тодорхой хэсгийн айл өрхөд төвлөрсөн шугам татах гэж байна. Энэ хэсэгт бохирын шугам холбох нь маш чухал. Төсөл хэрэгжиж буй багаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд төсөл хэрэгжүүлэгч багтай байнга хамтран ажиллаж ирсэн. Сайн ажилласан, Амжилт хүсье, цаашид хамтрахад бэлэн.

УЦУОША-ны Дарга Э. Мөнгөнцэцэг

Манай байгууллага итгэмжлэгдсэн лабораторитой. Аймгийн хэмжээнд 10 томоохон голд төлөвлөгөөний дагуу 22 төрлөөр шинжилгээ хийдэг. 2015 онд маш цэвэр буюу 1-р зэрэг, 2016 онд цэвэр буюу 2-р зэрэг гм үнэлгээ хийгдэж зэрэглэл буурч байна. Манайхаар хийгдэж байгаа шинжилгээ бол эрүүл ахуй талаасаа биш  химийн үзүүлэлт, усны найрлага бүтцийг тодорхойлдог. Хувь хүнийхээ хувьд Улиастай сумын усны аюулгүй байдал алдагдсан гэж үздэг.

Санал: Шугам сүлжээнд холбох ажлыг системтэйгээр хийх саналыг дэмжиж байна. Цаашид мэдээллээ солилцон хамтран ажиллахад бэлэн.

Улиастай сумын ЗДТГын Дарга Т. Мөнхбаатар:

Санхүүжилт багатай, өөрийн төсөвгүй хирнээ ТББ-с санаачлан Усны шинжилгээ хийлгэж байгаа нь сайшаалтай, баг хамт олонд амжилт хүсье.  Төсөв, цаг хугацаанаас хамаарсан том ажил хийж чадахгүй нь ойлгомжтой. Саналын тухайд:

1.      Усны шинжилгээнүүдийг давтан өгөх асуудлуудыг тодруулах, лавшруулах, нотлох ажлаа үргэлжлүүлэх /40 гаруй жилийн насжилттай шугам сүлжээг хугацаа хэтрүүлэн ашиглаж байна, шугам сүлжээний 1/3 нь зэвэнд идэгдсэн. Бид зэвтэй ус ууж байна. Үүнийг судалгаа шинжилгээгээр нотолж шинэчлэх хэрэгтэй байгаа/

2.      Нөлөөллийн ажил маш чухал байна Нөлөөллийн ажлыг  үе шаттай бүлэглэн хийснээр механик бохирдлыг бууруулах боломжтой.

Товцог багийн Засаг Дарга  

Санал хэлье: Уул уурхайгаас хамааралтай хөрсний, агаарын бохирдол их бий болж байна. Бид уул уурхай эрхэлж буй Баян-Айраг компаниас санхүүгийн дэмжлэг хүсч Цэвэр усны үйлдвэр байгуулан хямд үнэтэй хүргэлтийн ус түгээх гарц байх боломжтой юм.

Ахмад эмч Д.Пүрэвжав:

Ус, хөрс салшгүй холбоотой. Усны нөөцөө хамгаалах, ай саваа цэвэр ариун байлгах нь иргэн бүрийн үүрэг. Стадионоос Дром хүртэлх усны ай саваа хамгаалах нь маш чухал. Дээр үед айлуудыг нь нүүлгэн шилжүүлж байсан бол одоо зөвшөөрөл өгөөд айл нэмээд байгааг анхааралдаа авах нь зүйтэй гэж боддог.

ЭМГ Мэргэжилтэн н.Пунцагдаш:

Орчны эрүүл мэнд чухал байна. ЭМГ-с санаачлан бүх айл өрхийн ундны усны савыг эко саваар солих төсөл бичин гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагууд руу хандаж байна. Хариуцсан ажилтан нь амралттай би түр орлож байна.иргэний хувьд усны бохирдлыг шийдэхэд хогны менежмент чухал гэж хардаг. Бөөн хог салхинд хийсч очоод л усны ай сав бохирддог.

УЦУОША Инженер З. Балжинням

Бид усаа ахуйгаараа бохирдуулаад байна.Бохирдуулж байгаа голомтыг олох хэрэгтэй. Богд, Чигэстэй голын эх бол сайн чанартай, чухам аль хэсэгтээ бохирдоод байна, би бол Улиастай хэсэгтээ байх гэж бодож байна. Усаа шинжлэхдээ айлтай, айлгүй хэсгээс авч харьцуулах хэрэгтэй. Нөлөөллийн ажил маш чухал шинжилгээгээ хийхдээ голомтыг нь олох нь чухал, хамтран ажиллахад бэлэн байна

Дүгнэлт: Тэргүүн М. Дуламжав оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн цаашид дараах зүйлд анхаарч хамтран ажиллах боломж байгааг танилцуулав.

1.      Усны нянгийн болон химийн найрлагын, бохирдлыг шинжилгээг үе шаттай хийж, иргэд шийдвэр гаргагч нарт илүүл нотолгоотой нөлөөлөл үзүүлэхэд аймгийн МХГ, УЦУОША-ны итгэмжлэгдсэн лабораторуудтай хамтран ажиллах 

2.      Нөлөөллийн үйл ажиллагаа 3-4 үндсэн чиглэлээр хийхэд талууд оролцох Үүнд:

·         Айл өрхийн усаа зөөдөг гол эзэн хүүхдүүд рүү хандаж сургалт нөлөөлөл хийх, иргэд рүү тэр дундаа эрүүл мэндийн системд ажиллаж байсан ахмадуудад нөлөөлөл хийж олон нийтэд хүргэх 3 дахь зорилтот бүлэг нь төрийн албан хаагчид маань усны мөнгөө төлдөггүй судалгаа бас байна. Дарга нараар нь дамжуулан нөлөөлөл үзүүлэх.

·         Шийдвэр гаргагчид Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн Засаг даргын зөвлөл, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нөлөөлснөөр  

3.      Улиастай сумын усны аюулгүй байдлын  төлөвлөгөөтэй болох, тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө шийдэх боломжийг нэмэгдүүлэх салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зэрэгт дараагийн төслөө чиглүүлэх нь зүйтэй юмуу гэсэн дүгнэлтэд хүрч байна

4.      Зөвхөн МОНЭС биш өөр төслийн байгууллагуудад асуудлуудаа эрэмбэлэн бүлэглэж чиглэл чиглэлээр төсөл боловсруулан илгээхэд энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд анхаарч ажиллахыг хүслээ.  ДЭМБ-д хандах томоохон хэмжээний төслийг Ментороос зөвлөгөө дэмжлэг  аван  гарц шийдэл хайцгаая гэлээ

Ментор н.Эрдэнээ

1.      Нөлөөллийн бүсийг зөв тогтоох нь их чухал шүү, нөлөөллийн бүсээ зэрэглээд яг аль хэсэг нь их бохирдолтой байгааг тогтоох

2.      Улиастай сумын ерөнхий төлөвлөгөөнд Усны аюулгүй байдлын бүлэг оруулан хэрэгжүүлэх саналыг дэмжиж, хийх ёстой ажил гэж үзэж байна

3.      Томоохон төсөл бичихэд өөрийн зүгээс туслахад бэлэн, гол нь төслийн үндэслэл, статистик их чухал шүү, та бүхэнд амжилт хүсье гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.

Тэмдэглэл хөтөлсөн:

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, төслийн багийн гишүүн Ч. Дэлгэрмаа

Хянасан: 

Өрнөх хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал, төслийн багийн ахлагч М.Дуламжав

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%