Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Завхан аймгийн Улиастай сумын ИТХ

Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Улиастай суманд эхэллээ

2017-08-23

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд Улиастай сумын 6 багийн ард иргэдийн дунд иргэний танхимаар дамжуулан Улиастай сумын ИТХ, ЗДТГ, багийн ажлын албанаас зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэг 2017 оны 08 сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар Жаргалант, Чигэстэй, Товцог багуудын 150 гаруй иргэн хуулийн төсөлтэй танилцан саналын хуудсаар санал өгөөд байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа.  Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна гэж үзэж байгаа юм байна.

Багийн Иргэдийн хөгжлийн төв дээр иргэдийн саналыг энэ сарын 28-ны өдрийг дуустал хүлээн авах тул иргэн та үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа өгөөрэй. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%